Хятадын Ардын банк
Хятадын Ардын банк (хятад. уламж. 中國人民銀行, хялбар. 中国人民银行, пиньинь Zhōngguó Rénmín Yínháng, дуудлага. Жунго Жэньминь Иньхан, англи :People's Bank of China) — БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын төв банк юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тус банк нь 1948 оны 12-р сарын 1-нд Хуабэй банк, Бэйхай банк, Шибэй хөдөө аж ахуйн банк хэмээх 3 банк нэгдсэний үр дүнд байгуулагдсан түүхтэй. Банкны төв байр нь анх Шижиажуанд байрладаг байгаад 1949 онд Бээжин рүү нүүлгэн шилжүүлсэн юм. 1949-1978 онуудад Ардын банк нь Төв болон арилжааны банкны чиг үүргийг давхар гүйцэтгэж байсан.
1980 онд хийгдсэн эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд тус банкны арилжааны чиг үүргийг бие даасан төрийн өмчит 4 банканд хуваарилж, 1983 онд Төрийн Зөвлөлийн шийдвэрээр Үндэсний банк нь зөвхөн төв банкны үүрэг гүйцэтгэдэг болсон. Үүнийг эрх зүйн хувьд 1995 оны 3-р сарын 18-нд батлан тогтоожээ. 1998 онд бүтцийн шинэчлэлийн үр дүнд орон нутаг, аймгийн бүх салбаруудыг хааж, Хятадын Ардын банк орон нутгийн засаг захиргааны нэгжид хамаарахгүй 9 бүсийн салбар нээсэн байна. 2003 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус банк санхүүгийн ерөнхий тогтвортой байдлыг хангах, улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэд хэдэн нэмэлт эрх мэдлтэй болсон.
Хятадын Ардын банк нь 3,201 их наяд ам.долларын нөөцтэйгөөр дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллага болоод байна.
2019 оны 8-р сард Хятадын Ардын банк таван жил боловсруулсны дараа үндэсний дижитал/ цахим валютыг удахгүй худалдаанд гаргахаа зарласан байна. 2020 оны 5-р сард Хятадын Ардын банк туршилтын хөтөлбөрийн хүрээнд тус улсын дөрвөн хотод үндэсний криптовалют DCEP-ийг нэвтрүүлж худалдан авалтаа дижитал юаниар төлөх боломжтой болжээ.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]БНХАУ-ын "Хятадын Ардын банкны тухай" хуулийн дагуу мөнгөний эргэлт, зээлийн зохицуулалтын чиг үүргийг тус банк гүйцэтгэдэг байна. "Хятадын Ардын банкны Зохицуулах Хороо" нь 2003 оны 4-р сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны шийдвэрийн дагуу Хятадын Банкны Зохицуулах Хорооны зохицуулалт, хяналт шалгалтын дагуу Хятадын Ардын Банкны оронд байгуулагдсан. БНХАУ-ын 2003 оны 12-р сард батлагдсан Банкны зохицуулалт, хяналтын тухай хууль, БНХАУ-ын "Арилжааны банкны тухай" хууль, БНХАУ-ын "Компанийн тухай" хуулийн дагуу Хятадын Ардын банкны Зохицуулах хороо нь хадгаламж хүлээн авах, зээл олгох, данс нээлгэх болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн байгууллагуудыг зохицуулах, хяналт тавих үүрэгтэй болсон байна.
Хятадын Ардын банк Тяньжинь, Шэньян, Нанкин, Цинань, Ухань, Гуанжоу, Чэнду, Шанхай, Сиан зэрэг 9 хотод орон нутгийн салбараа байгуулсан. Мөн тус банк гадаадад 6 төлөөлөгчийн газартай. Хятадын Ардын банк 18 газартай.
Банкны захирлууд
[засварлах | кодоор засварлах]Банкны албан ёсны цахим хуудасны мэдээллээр:
- Нань Ханьчэнь (南汉宸): 1949 оны 10-р сараас— 1954 оны 10-р сар
- Цао Зюйжу (曹菊如): 1954 оны 10-р сараас— 1964 оны 10-р сар
- Ху Лизяо (胡立教): 1964 оны 10-р сараас—1966 он
- Чэнь Сиюй (陈希愈): 1973 оны 5-р сараас—1978 оны 1-р сар
- Ли Баохуа (李葆华): 1978 оны 1-р —1982 оны 4-р сар
- Люй Пэйзянь (吕培俭): 1982 оны 4-р сараас—1985 оны 3-р сар
- Чэнь Мухуа (陈慕华): 1985 оны 3-р сараас—1988 оны 4-р сар
- Ли Гуйсянь (李贵鲜): 1988 оны 4-р сараас— 1993 оны 7-р сар
- Жу Жунцы (朱镕基): 1993 оны 7-р сараас—1995 оны 6-р сар
- Дай Сянлун (戴相龙): 1995 оны 6-р сараас—2002 оны 12-р сар
- Жоу Сяочуань (周小川): 2002 оны 12-р сараас—2018 оны 3-р сар
- И Ган (易纲): 2018 оны 3-р сараас—2023 оны 7-р сар
- Пан Гуншень: 2023 оны 7-р сараас өнөөг хүртэл.