Палестиныг хуваах НҮБ-ын төлөвлөгөө
Палестиныг хуваах НҮБ-ын төлөвлөгөө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1947 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №181 шийдвэрээр (33 «дэмжсэн», 13 «эсрэг», 10- түдгэлзсэн) батлагдсан юм. НҮБ-ийн баталсан энэхүү төлөвлөгөөний дагуу Палестин дахь Британийн мандатыг 1948 оны 8 дугаар сарын 1-нд дуусгавар болгож, тус газар нутагт еврей болон араб хоёр улсыг бий болгох зөвлөмж шийдвэр байсан юм.
НҮБ-ын шийдвэрийн дагуу Иерусалим болон Бетлехем хотууд олон улсын хяналтад байх ёстой нутаг юм. Арабчуудад шударга бусаар хандаж байна гэж Арабын ертөнцийнхөн үзэж уг төлөвлөгөөг хүлээн аваагүй учраас 1947-1949 оны Араб-Израилын дайн дэгдэх үндсэн шалтгаан болсон юм.
Палестины асуудлаарх НҮБ-ын тусгай хорооны төлөвлөгөө
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа Палестин дахь еврейчүүд Еврей улсыг түргэн байгуулахыг шаардаж байсан. Нөгөө талаас Арабын ертөнцийнхөн хүн амын бүтцийн хувьд голчлон арабчууд байгаа тул бие даасан нэг улс байгуулахыг шаардсан.
Их Британийн эзэмшилд байсан уг газар нутгийн хоёр талын хүлээн зөвшөөрсөн шийдлийг олж чадаагүй тул Палестины улс төрийн ирээдүйн асуудлыг НҮБ-д шилжүүлж, НҮБ-ын тусгай хороо UNSCOP-ыг байгуулсан. Уг тусгай хороонд янз бүрийн үндэстний төлөөлөгчид багтсан бөгөөд энэ нь бодитой шийдвэр гаргахад туслах ёстой байв. Үүний үр дүнд UNSCOP мөргөлдөөнийг шийдвэрлэх хоёр боломжит хувилбарыг боловсруулсан.
1.Иерусалимыг олон улсын хяналтад байх тусдаа нутаг дэвсгэр болгохын зэрэгцээ бие даасан байх, эдийн засгаараа нэгдсэн хоёр тусдаа улс бий болгох;
2. Еврей, арабын хоёр бүрэлдэхүүнтэй холбооны улс байгуулах.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей UNSCOP-ийн төлөвлөгөөг хүлээн авсан тухай
[засварлах | кодоор засварлах]НҮБ-ын Ерөнхий Ассамблей UNSCOP-ийн тайланг нийтэлж тараасны дараа 1947 оны 9 дүгээр сарын 27-нд Австралийн шүүгч Хэрбэрт Эваттын удирдлага дор Палестины асуудлаарх тусгай комисс байгуулжээ. UNSCOP-ийн санал болгож буй хувилбаруудын алийг нь санал хураалтад оруулахыг Комисс тодорхойлох ёстой байв. Үүний тулд хоёр дэд комисс байгуулагдсан: Хоёр хуваах үндсэн төлөвлөгөө, холбооны улс байгуулах хоёр дахь төлөвлөгөө (Арабын орнууд ба тэдгээрийн холбоотнуудын төлөөлөгчид). Комиссын ажлын үр дүнд Палестины нэгдсэн нэг улс байгуулах төлөвлөгөөг бүрэн няцааж, тусгаар тогтносон тусдаа хоёр улс байгуулах төлөвлөгөөг баталж, санал болгож буй хоёр улсын хил хязгаарыг анхны төлөвлөгөөтэй харьцуулахад ихээхэн өөрчлөгдсөн (ялангуяа хил хязгаар) байв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей НҮБ-ын Тусгай хорооны саналын дагуу 1947 оны 11 дүгээр сарын 29-нд санал хураалт явуулжээ. Санал хураалтын дүн дараах байдалтай байсан.
Төлөвлөгөөг батлах санал өгсөн (33 орон): Австрали, Бельги, Боливи, Бразил, Венесуэл, Хаити, Гватемал, Дани, Доминикан, Исланд, Канад, Коста Рика, Либери, Люксембург, Нидерланд, Никарагуа, Шинэ Зеланд, Норвеги, Панам, Парагвай, Перу, Польш, ЗХУ (Белорус, Украины ЗСБНХУ орно), АНУ, Уругвай, Филиппин, Франц, Чехословак, Швед, Эквадор, Өмнөд Африк.
Төлөвлөгөөний эсрэг санал өгсөн (13 орон): Афганистан, Египет, Грек, Энэтхэг, Ирак, Иран, Йемен, Куба, Ливан, Пакистан, Саудын Араб, Сири, Турк.
Түдгэлзсэн (10 орон): Аргентин, Их Британи, Хондурас, БНХАУ, Колумби, Мексик, Эль-Сальвадор, Чили, Этиоп, Югослав. Тайланд санал хураалтад оролцоогүй байна.
Ийнхүү 33-ын эсрэг 13 саналын зөрүүгээр 10 нь түдгэлзэж, НҮБ-ын SCOP-оос санал болгож буй мандаттай Палестиныг хуваах анхны хувилбарыг баталсан байна. Энэ шийдвэр нь Британийн цэргийг мандаттай газар нутгаас татан гаргасан өдрөөс хүчин төгөлдөр болохоор тогтсон байна.
Эсэргүүцэл
[засварлах | кодоор засварлах]Арабын орнууд Еврейн улс байгуулахыг зарчмын хувьд үгүйсгэж байв. Арабын удирдагчдын үзэж байснаар, НҮБ-ын төлөвлөгөө нь Палестины хүн амын дийлэнх болох 67%-ийг бүрдүүлэгч еврей бус хүмүүсийн эрхийг зөрчсөн гэж үзэж байв. Тэд НҮБ-ын санал болгож буй төлөвлөгөөг гамшиг гэж нэрлэжээ. Еврей улсын хувьд газар нутгийн хэмжээ, газрын чанар аль аль нь илүү байв. НҮБ-ын тогтоолоор ихэнх газар нутгийг (56%) еврей улсын мэдэлд өгсөн боловч тухайн үед еврейчүүд мандаттай газар нутгийн дөнгөж 7 хувийг эзэмшдэг байв. Үүний зэрэгцээ еврей улсад хуваарилагдсан газар нутагт арабчуудын 45% амьдарч байв. Арабын улсад НҮБ ердөө нийт нутгийн 45%-ийг хуваарилсан бөгөөд энэ нутаг дэвсгэрийн Жаффагаас бусад ихэнх нь газар тариаланд тохиромжгүй байв.
Энхийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн нь еврей болон арабын зэвсэгт хүчний нэгтгэл хооронд олон тооны мөргөлдөөн гарахад хүргэв. 1948 оны 5 дугаар сарын 14-нд Их Британи Палестинаас цэргээ гаргаж, Бен-Гурион Израил улсыг тунхагласан өдөр юм. 1948 оны тавдугаар сарын 15-нд Арабын холбоо Палестин руу цэргээ оруулсан юм. Энэ мөчөөс эхлэн еврей болон арабын бүлгүүдийн хоорондын мөргөлдөөн Арабын улсуудын Холбоо, Израилын хоорондох дайн болж хувирсан билээ.