Jump to content

Ларри Кинг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ларри Кинг
2010 оны Есдүгээр сард Кинг
ТөрсөнЛоренс Харви Зайгер
1933 оны 11 сарын 19 (1933-11-19) (91 настай)
АНУ, Нью-Йорк, Бруклин
Нас барсан2021 оны 01 сарын 23 (87 насалсан) Седарс-Синай Эрүүл Мэндийн Төв, Лос Анжелес, Калфорниа, АНУ
АжилТелевиз, радиогийн хөтлөгч
Он жил1957–2010

Лоренс Харви Зайгер буюу "Ларри" Кинг (Англи: Lawrence Harvey Zeiger, Англи: LarryKing, 1933 оны арваннэгдүгээр сарын 19-нд төрж 2021 оны 1 дүгээр сарын 23-нд Калифорни мужид нас барсан) нь Америкийн телевиз, радиогийн алдарт хөтлөгч, сэтгүүлч юм.

1950 онд Флорида мужаас сэтгүүлчийн гараагаа эхлүүлсэн Ларри Кинг нь CNN телевизийн бүтээл Larry King Live нэвтрүүлэг (Монгол: Ларри Кингтэй нүүр тулсан ярилцлага, 1985-2010) ярилцлагын шоугаараа алдаршсан билээ.

2012 оноос 2020 оны хооронд RT America болон Hulu сувагт "Ларри Кинг Одоо" буюу Larry King Now нэвтрүүлгийг хөтөлсөн. Тэрбээр үргэлжлүүлэн 2013 оноос "Ларри Кинг Улс төрч хаантай хамт" буюу Politicking with Larry King гэдэг долоо хоног тутмын ярилцлага шоу нэвтрүүлгийг хөтөлж хоёр ижил сувгаар цацаж байв.

Лоренс Харви Зейгер (Ларри Кинг) 1933 оны 11 дүгээр сарын 19-нд Нью-Йоркын Бруклинд Австриас цагаачилсан эцэг Эдди Зейгер, Беларусиас цагаачилсан Женни нарын еврей гэр бүлд төржээ.

Ларри Кингийг 8 настай байхад аав нь нас баржээ.

Ларри Кинг дунд сургуулиа төгссөний дараа хэд хэдэн газар ажил хийсэн байна. Жеймс Сермонсын (CBS-ийн хөтлөгч) хүсэлтээр 22 настайдаа орон нутгийн багахан “WIOD” радиод хөтлөгч хийхээр Майамид 1957 онд шилжин иржээ.

1957 оны 5 дугаар сарын 1-нд анхны нэвтрүүлэг нь цацагдсан байна. Түүний бичсэн 'Хэзээ, хаана, хэнтэй, хэрхэн ярилцах нь" номд дурдсанаар телевизийн нэвтрүүлэгт нэр нь тун тохиромжгүй байсан тул ерөнхий менежер нь анхны нэвтрүүлэг нь эхлэхээс хэдхэн минутын өмнө нэрээ солих санал тавьснаар Зейгер гэх нэрээ Кинг буюу "Ларри Кинг" болгон өөрчилж карьераа эхэлсэн байдаг. Ларри радио мэдээний болон спортын нэвтрүүлгүүд хөтөлдөг байв.

1960 онд Кинг телевизийн “WTVJ” сувагт өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болжээ. Түүний энэ ажил нь тийм ч бүтэлтэй байсангүй. Үүнээс гадна “Майами Херальд”, “Майами Ньюс” сонинуудад нийтлэлээ гаргадаг байв.

1970-аад оны үед Кинг санхүүгийн асуудалд орооцолдож, баривчлагдаж байжээ. Үүний улмаас тэр телевизийн ажлаасаа халагдаж, хэдэн жил янз бүрийн ажил, тухайлбал Луйзианад спортын нэвтрүүлэг хөтөлж, мөн “Эсквайр” сэтгүүлд нийтлэл бичиж байв.

1978 онд “Mutual Broadcasting Network” радио буюу "Нийтийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ" радиод шууд нэвтрүүлгээ нээсэн байна. Ларригийн шууд нэвтрүүлэг долоо хоног бүрийн Даваа гарагаас Баасан гараг хүртэл өдөр бүр цацагддаг байв.

1985 онд CNN сувгаас ажлын санал авсны дараа түүний шууд нэвтрүүлэг “Larry King Live” гэдэг нэртэй болжээ. 25 жилийн дотор Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх ерөнхийлөгч, нэр нөлөө бүхий улс төрчид, спортын болон шоу-бизнесийн одод, зохиолчид, бусад алдартнууд зэрэг 50 гаруй мянган хүнтэй ярилцлага хийсэн байна. Түүний хийсэн ярилцлагыг хэдэн зуун сая үзсэн гэдэг.

Тэрбээр 8 удаа гэрлэж байсан бөгөөд 1997 онд найм дахь удаагаа Шоун Саутвиктай гэрлэсэн ажээ.

Ларри Кинг "Би хэзээ ч асуулт тавихаас айдаггүй. Асууж болдоггүй асуулт гэж үгүй, харин хариулж болохгүй асуултууд гэж бий. Асуултуудын зарим нь үзэгчдэд тэнэг ч юм шиг санагдаж болно" гэжээ.