Гучин жилийн дайн
«Гучин жилийн дайн» (герман. Dreißigjähriger Krieg; англи. Thirty Years' War; швед. Trettioåriga kriget; нидерл. Dertigjarige Oorlog; испани. Guerra de los Treinta Años; франц. Guerre de Trente Ans; чех. Třicetiletá válka, дани. Trediveårskrigen) - 1618-1648 онуудад Ариун Ромын эзэнт гүрний болон Европын бүхий л орнуудыг их бага хэмжээгээр хамарсан хэд хэдэн дайныг нэгтгэсэн түүхэн нэршил.
Дайн нь Ариун Ромын эзэнт гүрний протестант болон католик шашинтнуудын хоорондох шашны хэд хэдэн мөргөлдөөнөөр эхэлж, улмаар Европ дахь янз бүрийн хүчний хоорондын тэмцэл болон хувирсан дайн юм.
Энэхүү мөргөлдөөн нь Европ дахь шашин хоорондын сүүлчийн томоохон дайн байсан бөгөөд үр дүнд нь Вестфалийн олон улсын харилцааны тогтолцоог бий болгосон түүхтэй. Үүний үр дүнд Ариун Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэр дэх Христийн шашны хамгийн том урсгалууд (Католик, Лютеранизм, Калвинизм) тэгш эрхтэй болсон байна (энэ нь консерватив католик шашныг дэмжигч хүчний ялагдал байсан юм). Гучин жилийн дайны улмаас Европын улс орнуудын төрийн эрх мэдэлд шашны хүчин зүйлсийн нөлөө огцом суларсан байна.
1648 оны 10-р сарын 24-ний өдөр Вестфалийн энхийн Гэрээ нь Ариун Ромын эзэн хаан болон эзэнт гүрний эзэмшил газруудын хоорондох хүчний шинэ тэнцвэрийг тогтоож, 1806 онд задран унатал эзэнт гүрэнд үйлчилж байсан үндсэн хуулийн тогтолцоог тодорхойлсон. Бүгд Найрамдах Нидерландын Нэгдсэн Аймгууд болон Швейцарийн Холбоо тусгаар улс болж, эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарав. Европ дахь ноёрхол Францад шилжиж, Испанийн уналт илэрхий болов. Швед улс хагас зуун жил гаруйн хугацаанд агуу гүрнүүдийн нэг болсон байна.